38 саяын зах зээл ба ЕвроАзийн гарц

“Монгол–Узбекистаны Экспо–2026” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 30–31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бодит алхам боллоо.

Энэхүү арга хэмжээ нь Узбекистаны бизнесийн төлөөлөгчдийн Монгол Улсад хэрэгжүүлж буй “Made in Uzbekistan” бизнес айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд B2B уулзалтуудаар дамжуулан хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг шууд холбосноороо онцлог байв.

Экспог Монгол дахь Узбекистаны Худалдаа, Аж үйлдвэрийн танхим болон “Савдони ривожлантириш компанияси” компанийн санаачилгаар Улаанбаатар хот дахь “Made in Uzbekistan” худалдааны төлөөлөгчийн газарт зохион байгуулагдсан.

Арга хэмжээнд Узбекистаны талаас хүнс, эмийн үйлдвэрлэл, барилгын материал, цахилгаан техник, авто сэлбэг, логистик, аялал жуулчлал зэрэг олон салбарын үйлдвэрлэгч, экспортлогч аж ахуйн нэгжүүд оролцсон бол Монголын талаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжуудыг танилцууллаа.

38 сая гаруй хүн амтай, Төв Азийн томоохон зах зээл болох Узбекистан улс нь Монголын бизнес эрхлэгчдийн хувьд шинэ зах зээлд нэвтрэх, урт хугацааны түншлэл бий болгох стратегийн чухал боломжийг нээж байгааг оролцогчид онцолж байв. Үүний зэрэгцээ Узбекистан улс нь Монгол Улсыг ЕвроАзийн өргөн зах зээлд холбох стратегийн түшиц улс болж байгаагаараа онцлог юм.

Монгол Улс ба Узбекистан улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж ирсэн бөгөөд 2024–2025 онд хэрэгжсэн төрийн өндөр түвшний айлчлалуудын хүрээнд эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхээр тохиролцсон. Энэ хүрээнд Монгол Улс Узбекистан улсад Элчин сайдын яамаа байгуулж, харин Узбекистан улс Монголд Худалдаа, аж үйлдвэрийн танхимаа нээсэн нь бодит хамтын ажиллагааны суурь болж байна.

Экспогийн үеэр цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, мах зэрэг чиглэлээр олон гэрээ хэлцэл хийгдэж, хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрч эхэлснийг талууд онцоллоо.

Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Тухайлбал, 2019–2024 оны хооронд 4–5 сая ам.долларын түвшинд байсан бол 2025 онд 30–45 сая ам.долларт хүрч огцом нэмэгдсэн байна. Мөн 2026 оны эхний улирлын үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2–2 дахин өссөн нь хамтын ажиллагаа эрчимжиж буйг илтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр улсын бизнесийн харилцаа бодит түвшинд өргөжиж байгааг харуулж байна.

Share