
Узбекистаны худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдааны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдлээ. Тус худалдааны газар нь БЗД-ийн нэгдүгээр хороо, РЦНК-ийн хойно байрлаж байгаа бөгөөд Узбекистан улсын үндэсний үйлдвэрийн хүнс болон гэр ахуй, өргөн хэрэглээний бараануудтай танилцах боломжтой юм.
Худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн үеэр дэлхийд нэр хүндтэй тогооч Бахриддин Чусти “Узбек плов” хийж, зочдыг дайллаа. Мөн энэ үеэр аж ахуйн нэгжүүд бизнес, хөрөнгө оруулалтын түвшинд хамтран ажиллах В2В уулзалтыг болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Узбекистаны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, Улаанбаатар, Ташкент хотуудад Худалдааны төв байгуулахаар шийдвэрлэсэн нь ийнхүү биеллээ олж байна.
Монгол Улс Төв Азийн бүс нутагт ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн болон амьд мал нийлүүлэх бол Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.















