Тээвэр, логистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэнэ

Монгол – Узбекистан хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалт Узбекистаны худалдааны төвд зохион байгуулагдлаа. Уулзалтад Узбекистаны талаас гадаад худалдаа, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур болон оёдлын чиглэлийн компанийн 20 гаруй төлөөлөл оролцон хамтран ажиллах түншүүдтэйгээ уулзан санал солилцов.

Улаанбаатар хотод “Узбекистаны худалдааны төв”-ийг нээсэн явдал нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдсэн төдийгүй Монгол Улсад одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна” гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.

Уулзалтын төгсгөлд бизнес эрхлэгчид хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, нэн түрүүнд тулгамдаад буй тээвэр логистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. 

Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах бодлого хэрэгжүүлж энэ хүрээнд эдийн засаг нь ойролцоогоор хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар нэмэгджээ. 

Харин хоёр улсын нийт худалдааны эргэлт өнгөрсөн онд 10.6 сая ам.долларт хүрч, үүнээс Монгол Улсаас экспортолсон бүтээгдэхүүн 5.9 сая ам.доллар, импорт 4.7 сая ам.долларт хүрсэн байна.

Share