Монгол-Узбекистан хоёр улсын бизнес уулзалт болов

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав “Өнөөдрийн энэхүү форум нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн дээд хэмжээний хариу айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын шууд холбоог гүнзгийрүүлэх чухал алхам болж байна. Хоёр орны бизнес эрхлэгчид, хөдөө аж ахуй, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногооны экспорт, импорт, ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн, эрчим хүч, дэд бүтэц, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик салбаруудад хамтран ажиллах өргөн боломж бий” гэдгийг онцоллоо.

ТАТВАРЫН БОЛОН БУСАД СААД ТОТГОРЫГ ХАМТРАН АРИЛГАХ, БОЛОВСРОЛ, СОЁЛ ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, Эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Худалдаа, Эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан “Монгол Узбекистаны бизнес уулзалт”-ын нээлт дээр хэлсэн үгэндээ, Өнгөрөгч 2024 онд Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж, талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталсан. Үүний үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд цаашид хоёр орны төр засгийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжууд, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг сайжруулах, манай улсаас тус улсад мах махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татварын болон бусад саад тотгорыг хамтран арилгах, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ үүд хаалгыг нээхээр бэлтгэж байгааг дурдлаа.

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХОЁР УЛСЫН ХУДАЛДАА 4.3 ДАХИН ӨССӨН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Узбекистаны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн бөгөөд Улаанбаатар, Ташкент хотуудад Худалдааны төв байгуулахаар шийдвэрлэсэн нь, Төв Азийн бүс нутагт ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн болон амьд мал нийлүүлэх, мөн Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах таатай боломжийг нээсэн юм.

Узбекистан бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж төдийгүй сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах шийдэмгий бодлого хэрэгжүүлж эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар нэмэгджээ.

Узбекистаны хөрөнгө оруулалттай худалдаа, засвар үйлчилгээний салбарын 24 компани Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монголын компаниуд Узбекистаны зах зээлд тодорхой хөрөнгө оруулалт хийж байгаа нь цаашид өргөжин тэлж, шинэ салбаруудад үйл ажиллагаа эрхлэх хандлага байгааг энэ уулзалт харууллаа.

Мөн 2024 оны байдлаар хоёр улсын нийт худалдааны эргэлт 10.6 сая ам.долларт хүрч, үүнээс Монгол Улсаас экспортолсон бүтээгдэхүүн 5.9 сая ам.доллар, импорт 4.7 сая ам.долларт хүрсэн байна.

Share