
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касымов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад эдгээр өдрүүдэд айлчилж байна. Тэд өнөөдөр /2025.08.14/ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нартай уулзаж, мах экспортлох ажлыг түргэн шуурхай болгох талаар санал солилцлоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсаас Узбекистан Улс руу 100 мянган толгой амьд мал экспортлох хэлэлцээр байгуулагдсан.

Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касымов Монголын махны холбоо болон холбогдох ААН-үүдын төлөөлөлтөй МҮХАҮТ-д уулзалт хийлээ.
Уулзалтад Монголын долоон бизнес эрхлэгч оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон компаниа танилцуулан Узбекистан улстай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм.

